“Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” сэдвийн хүрээнд өнөөдөр үндсэн хуралдаанаар амжилттай эхэллээ. Хурлын нээлтийн арга хэмжээнд БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа, Нагояагийн Их Сургуулийн Боловсрол, хүний хөгжлийн сургуулийн захирал Харухико Мацушита нар оролцон мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж амжилт хүсэв. Хуралд Монгол, Орос, Хятад, Япон, Америк, Герман, Сингапур зэрэг 7 орны, 26 байгууллагын 80 орчим эрдэмтэн, судлаачид үндсэн болон 3 салбар хуралдаанаар цахимаар илтгэл хэлэлцүүлж эхэллээ. Дээд боловсролын чанарыг баталгаажуулан, улам хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/-тэй хамтран энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж байгаадаа таатай байна. Дэлхий даяар тархаад буй коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд цаашид цахим сургалтыг улам чанаржуулах зорилгоор бид 2020-2021 оны хичээлийн жилийг “Цахим сургалтын чанарын жил” болгон зарлаж, сургалтанд шинэ технологийг нэвтрүүлэн Е-сургууль болох бэлтгэл ажлыг хангаж байна. Дээд боловсролыг чанаржуулах, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан шинэчлэх, боловсролын түвшин чиглэл тус бүрээр үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг улам сайжруулж үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх боломжтой болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү хурал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт”-ын төлөөх эрдэмтэн, судлаачдын судалгааг дэмжин нэгэн зорилго дор нэгдэж, энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж, хамтран ажиллаж буй ХААН банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Үндэсний Телевиз, Япон улсын Нагоя Их Сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлж ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэхүү хурлын эмхэтгэл хэвлэгдэн Та бүхний гар дээр очиход бэлэн болсныг дуулгахад мөн таатай байна. Хурал 2021 оны 5-р сарын 7, 8 ны өдрүүдэд болох ба хурлын хөтөлбөр болон хуралд оролцох зааврын тус хурлын үндсэн сайтаас үзээрэй. https://qahe.msue.edu.mn/ Ингээд 2021 оны ОУЭШХ-ын илтгэгчид, оролцогч нарт амжилт хүсье.