“Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” ОУЭШХ эхэллээ

Тогтвортой хөгжлийн төлөөх нэгэн зорилгод нэгдэн 2021 оны 5-р сарын 3-8 ны өдрүүдэд хуран чуулж буй “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт Үндэсний нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын  үйл ажиллагаа өнөөдөр хөтөлбөрийн дагуу амжилттай нээлтээ хийж үргэлжилж байна. Тус хурлын үйл ажиллагааны үндсэн хуралдаанд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Боловсролын хүрээлэнгийн захирал доктор П.Лхагвасүрэн, академич Н.Бэгз, МУИС-ийн профессор багш Нямгэрэл, Японы Окаяамо их сургуулийн захирал профессор Хироки Фүжий нар оролцон үг хэлж, илтгэл хэлэлцүүллээ. Хуралдааны чиглүүлэгчээр МУБИС-ийн ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, ГХА-ны дарга доктор Д.Үүрийнтуяа нар ажилласан бол МУБИС-ийн Зайны сургалтын алба, Мэдээллийн технологийн алба хамтран хурлын үйл ажиллагааг МУБИС-ийн албан ёсны цахим хуудсуудаар олон нийтэд шууд хүргэсэн нь чухал ач холбогдолтой ажил болов. Ингээд нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандахын мэндчилгээг бүрэн эхээр нь Та бүхэнд хүргээд ОУ-ын хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. 

Эрхэм хүндэт Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон бусад хөгжлийн түншлэгч байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид та бүхний энэ өдрийн амгаланг эрж, эрүүл энхийг хүсэхийн ялдамд,  амжилт бүтээл үргэлжид дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Өнгөрсөн зуунд “Байгалиас хишиг горьдож суухгүй, харин түүнийг булаан авах хэрэгтэй” гэсэн үзэл ноёрхож, тэрхүү үзлийн үр дагавар болж  байгаль, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд үүссэний улмаас хүн төрөлхтөн экологи хийгээд нийгэм, эдийн засгийн тулгамдсан байдлыг хэрхэн арилгах талаар гарц хайж эхэлжээ. Иймээс хүн төрөлхтөн хамтран хөгжих бүхий л боломжийг эрэн хайж “Эх дэлхийнхээ тогтвортой байдлын төлөө” ихээхэн хүчин чармайлт гаргаж, алдааг залруулах үүрэг бүхий энэ цаг үед бид амьдарч байна. Үүний нэгэн баталгаа нь НҮБ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд хамтран 2015 онд Тогтвортой хөгжлийн 4-р зорилгын хүрээнд форум зохион байгуулж, “Эх дэлхийгээ эрс шинэчилье: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилго”-ыг баталж хүн бүрт хүрсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулна” хэмээн Инчоны тунхаглалаар баталсан билээ. Түүнчлэн үндэсний боловсролын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны Яамны удирдлага-манлайлал дор дараагийн 10 жилд хэрэгжүүлэх боловсролын шинэчлэлийн хөтөлбөр боловсруулагдах ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрийн арга хэмжээнд БОАЖЯ, БШУЯ  болон мэргэжлийн байгууллагууд, их сургуулиуд, ТББ,  эрдэмтэн судлаачид оролцож байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.  Монгол улс дахь НҮБ-ын агентлагууд нь Монгол улсын урт хугацааны бодлого Алсын хараа-2050-д уялдсан Тогтвортой хөгжлийн зорилго-2030-д хамаарах боловсролын чиглэлүүдийг эрчимжүүлж ахиулах талаар дэмжлэг туслалцааг үзүүлж, багш бэлтгэх их, дээд сургуулиудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудад тогтвортой хөгжилд чухал мэдлэг, чадвар, үнэт зүйлс, дадал, зан үйлийг төлөвшүүлэх үйлсэд хамтран ажиллаж ирлээ. Бид шинжлэх ухаан инновацийн асар хурдтай хөгжилд хувь нэмэр оруулахуйц ТХБ судалгааны ажлыг дэмжих, шинэ технологи, инноваци нээх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн зэрэгцээ тогвортой хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлэх нь боловсролын салбарын чухал үүрэг хэмээн үзэж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүн бүрт өнөөгийн болон хойч үеийнхээ төлөө соёлын ялгаатай байдлыг хүндэтгэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж, эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэй шийдвэр гаргах эрх мэдэл олгож буй явдал юм. Үүнд, боловсролын байгууллага тэр дундаа багш бэлтгэх их сургууиуд түүний дундаас МУБИС онцгой чухал үүрэгтэй оролцож байгааг тэмдэглэн хэлмээр байна. Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг МУБИС-д дэмжлэг үзүүлж, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгааг энэ дашрамд онцлон дурдахад таатай байна. Энэхүү төслийн хүрээнд бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг, мэдээллийг хүүхэд, залууст эзэмшүүлэх үйл ажиллагааг бид хэрэгжүүлж байна. Түүнчлэн багш бэлтгэх их, дээд сургуулиудын ТХБ-ын чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО, Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд МУБИС ТХБ-ын чиглэлээр 10 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан монголын хүүхэд залуучуудыг  дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх зорилгыг хангах үүднээс бэлтгэх сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгад тусгаснаар  зохих үр дүнд хүрсээр байна. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал нь хүн бүрт аж төрөх арга ухаан, зан үйлээ эргэн харж, байгаль дэлхийгээ хайрлах, амьдралын хэвшлээ  өөрчлөхийг тод томруун мэдрүүлсэн төдийгүй бид ч багш бэлтгэх боловсролын бодлого, тогтолцоо, сургалтын орчин нөхцөл, хүний нөөцийн чадавх, багшлахуй, суралцахуйн хэв маягт технологит суурилсан цахим өөрчлөлтүүдийг хийсэн цаг хугацаа байлаа. Ингээд тогтвортой хөгжлийн төлөөх нэгэн зорилгод нэгдэж хуран чуулж буй “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт үндэсний нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын  үйл ажиллагаанд амжилт хүсье.  Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох  энэхүү цаг үеэ олсон, үндэсний нэгдсэн цахим арга хэмжээ, олон улсын хурлыг зохион байгуулж байгаа Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсролын Хүрээлэнгийн хамт олонд болон МУБИС-ийн хурал зохион байгуулах ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал дэвшүүлье. Эрдэм оюуны эх булаг ундран арвижих ерөөл өргөе.