МУБИС-ийн оюутнууд АЛТАН НАМАР аянд нэгдлээ

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн II-IY дамжааны 300 гаруй оюутан, эрдэмтэн багш нарынхаа хамт "АЛТАН НАМАР" аянд нэгдэн газар тариалан эрхлэгчдэд туслахаар Төв аймгийн Жаргалант сумыг өнөөдөр зорилоо. МУБИС нийгмийн хариуцлагынхаа хүрээнд онцгой нөхцөлд өндөр ургацтай байгаа энэ жил МУ-ын Засгийн газрын 2021 оны 235 тоот тогтоолыг хэрэгжүүлэхээр тус аянд нэгдэж хувь нэмэрээ оруулахаар ийнхүү Улсын тэргүүний сум: 14-Хөдөлмөрийн баатар, 11- Гавьяат төрсөн хөдөлмөрч, нэр хүндтэй хамт олон болох Жаргалант сумыг зорьж байгаад МУБИС-ийн болон Төв аймгийн нийт удирдлагууд, оюутан суралцагчид, эрдэмтэн багш нар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Оюутан, багш нараа ургац хураалтад үдэх үйл ажиллагаанд МУБИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд профессор О.Алтангоо, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамир, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболд нар, БТС-ийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж оролцон амжилт хүслээ. Оюутнууд 2-3 долоо хоногийн хугацаанд ургац хураалт /төмс/-ад ажиллах бөгөөд гурвалсан гэрээний дагуу тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх ажээ. МУБИС-ийн захиргаанаас оюутан, багш нарынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, халдвар хамгаалалтад онцгойлон анхаарч, ургац хураалтад явах бүх хамт олныг Ковид-19-ын шинжилгээнд хамруулсан бөгөөд оюутан суралцагчдынхаа ургац хураалтад байх үеийн сургалтын үйл ажиллагааны хоцрогдлыг нөхөхөд тусгайлан анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм. Ингээд хуучны уламжлалт намрын ажлыг олон жилийн дараа сэргээн анх удаа их, дээд сургуулиудаас Жаргалант сумыг зорьж байгаа нийт багш, оюутнууддаа ажлын өндөр амжилт хүсэн, талархал илэрхийлье.