Шинэ үндсэн хууль батлалцсан эрдэмтэн багш нарт хүндэтгэл үзүүлэв

Ардчилсан ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ тохиолдуулан 1992 оны Шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат МУБИС-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор Д.Мандах, Боловсрол судлалын сургуулийн ахмад эрдэмтэн Боловсролын удирдахуйн ухааны тэнхимийг үүсгэн байгуулагч, эрхлэгч, зөвлөх багш Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Пүрэвдорж нарыг МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд профессор О.Алтангоо удирдлага, Ардын болон Гавьяат ахмад эрдэмтан багш нарын төлөөллийн хамт өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд МУБИС-ийн дэд захирал профессор Д.Наранцэцэг, Ардын багш академич Б.Жадамбаа, Ардын багш профессор Ц.Өнөрбаян, Гавьяат багш профессор Н.Жадамба нар байлцан сэтгэгдлээ хуваалцаж Шинэ үндсэн хуулийг батлалцсан эрдэмтэн багш нартаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэв. Шинэ Үндсэн хуулийг баталж байх үеийн түүхэн дурсамжаасаа эрдэмтэн багш нарын хуваалцсныг онцолбол: Профессор Чагнаагийн Пүрэвдорж "... 1992 оны Шинэ Үндсэн хуулиар анх удаа хүний эрх, эрх чөлөөг албан ёсоор тунхагласан, хүн хувийн өмчтэй болсон, Төрийн тогтолцоог хувааж хууль тогтоох засаглал, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалтай болсон, Шинэ үндсэн хууль бол ард түмний бүтээл, өмч юм. Шинэ үндсэн хууль сайн гэж үнэлэгдвэл Ард түмний боловсрол сайн байна гэсэн үг юм..." хэмээсэн бол доктор Д.Мандах "... 1992 оны Шинэ үндсэн хуулийг батлахад бүх ард түмний төлөөлөл жинэхэнэ утгаараа оролцож чадсанаараа онцлог болсон. Монголчууд анх удаа өөрсдөө, хэний ч хамааралгүйгээр, бие дааж хийсэн жинхэнэ чөлөөт сонгуулиар сонгогдсон нийт 422 депутат 72 хоног хэлэлцэж баталсан анхдугаар ардчилсан ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ юм. Тус хууль "МЭДЭГТҮН!", "САХИГТУН!" гэсэн уриатай бөгөөд депутатуудууд нэгэн зорилго, улс үндэстнийхээ төлөө гэсэн чин сэтгэлээр хандан баталсан Шинэ Үндсэн хууль" хэмээн дурсамжаасаа хуваалцав. Анх удаа Шинэ үндсэн хууль батлалцсан эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлж байгаад арга хэмжээнд оролцогчид сайшаан талархаж цаашдаа Шинэ үндсэн хуулийн үзэл санааг залуу хойч үедээ улам их сурталчлан дэлгэрүүлж байхын чухлыг онцлон тэмдэглэв. Ингээд 1992 оны Шинэ үндсэн хуулийг батлалцсан эрхэм хүндэт эрдэмтэн багш Д.Мандах, Ч.Пүрэвдорж нартаа МУБИС-ийн үе үеийн хамт олон, оюутан суралцагчид, шавь нарын өмнөөс ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЖ, эрүүл энх сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа