МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2021 оны 11 сарын 23

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Ковид-19 цар тахлын үед МУБИС нь хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс та бүхэнд мэдээлэл болгон тоймлон хүргэж байна.

МУБИС нь коронавируст халдварын тархалтын үеэс эхлэн УОК, НОК-оос гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Улсын хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах болсонтой холбогдуулан холбогдох хууль тогтоомж, БШУЯ, ЭМЯ- наас гарсан шийдвэр, чиглэлүүдийг удирдлага болгон өөрийн дотоод дүрэм, журам, тушаал шийдвэрээр зохицуулан ажилласаар байна.

2021.09.13-ны өдрөөс эхэлсэн “танхим ба цахим хосолсон” сургалтын үйл ажиллагаандаа БШУ-ы сайдын 2021.08.17-ны өдрийн А/290 тоот тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”, МУБИС-ийн захирлын 2021.08.31-ний өдрийн А/160 тоот тушаалаар батлагдсан “МУБИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-уудыг баримталж байна.

Мөн МУБИС-ийн шуурхай штабыг (2020.11.12; 2021.10.07) байгуулан, ковидын үеийн МУБИС-ийн ажлын төлөвлөгөө (2020.08.21; 2021.10.07) батлан, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах албан даалгавар (2021.09.06) – ийг бүрэлдэхүүний сургуулиудын хөтөлбөрийн алба, тэнхимүүдэд хүргүүлэн, үүсэж буй асуудал шийдлийн талаар захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажиллаж байгаа болно.

2021 оны 9, 10 дугаар саруудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, БШУЯ-ны дээд боловсролын газраас корона вирусээс урьдчилан сэргийлэх эрсдэлийн үнэлгээ шинжилгээ хийгдсэний зэрэгцээ МУБИС-ийн дотоод ажлын албанаас бүхий л хичээлийн болон оюутны байр, номын сангуудад нөхцөл байдлын шинжилгээ хийв. Эдгээр үнэлгээ шинжилгээний дүнд тулгуурлан МУБИС-ийн үйл ажиллагаанд мөрдөх зааварчилгаа, зөвлөмжийг боловсруулан бүрэлдэхүүний нэгж бүрт хүргэв.

МУБИС-ийн шуурхай штабаас хамгийн өндөр эрсдэл бүхий оюутны байруудад тусгаарлах 160 ор бүхий өрөө тасалгаа гарган, байрны зохион байгуулагчид, эмч нарын хяналт зохион байгуулалт доор нийт өвчилсөн оюутнуудыг эмчлэн эдгээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар оюутны байранд корона вирусээр өвдсөн 1 оюутан эмчлэгдэж байна.

МУБИС -д зохион байгуулсан 3 удаагийн вакцинжуулалт, багш ажилтан, оюутнуудаас түргэвчилсэн оношлуураар авсан түүвэр шинжилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал, урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутамд бүрэлдэхүүний сургуулиуд, хичээлийн байруудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна.   

Ажлын цаг, багш ажилтан оюутан өвдсөн болон өвдсөний дараах үед авах арга хэмжээ, зохицуулалтууд нь холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжиж буй хэдий ч хамт олон дотор маань корона вирусын тархалт байсаар, эрхэм багш маань бурханы оронд заларсанд бид чин сэтгэлээсээ гүнээ харамсан гашуудаж байна.

Энэхүү хүнд хэцүү цаг үеийг бид хамтын ойлголцол, хамтын хичээл зүтгэлээр давж гарна гэдэгт итгэлтэй байна.   

МУБИС-ИЙН ЗАХИРГАА