"Цахим сургалтын арга зүй, технологи, үнэлгээ цаашдын чиг хандлага" сэдэвт цахим ОУЭШХ болно

Монгол улсын багш бэлтгэх ууган сургууль болох МУБИС-ийн түүхт 70 жилийн ой 2021 онд тохиож байна. Ойг угтаж олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь "Цахим сургалтын арга зүй, технологи, үнэлгээ цаашдын чиг хандлага" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал юм. Түүнчлэн МУБИС нь 2020-2021 оны хичээлийн жилийг "Цахим сургалтын чанарыг дээшлүүлэх жил" болгон зарлаж, багш бэлтгэх сургалтад цахим, онлайн технологийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, багшлахуй, оюутан суралцагчийн суралцахуйн үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, чанаржуулахад ихээхэн анхаарч ажиллалаа. Гэсэн хэдий боловч дэлхий нийтэд тулгарсан коронавирусын  цар тахлын үеийн багш бэлтгэх хөтөлбөрт хэрэгжүүлж буй цахим сургалтын хүрээнд олон бэрхшээл, сорилт бидний өмнө тулгарч, шийдлээ хүлээсээр байна. Тухайлбал:

  • Суралцагчийн цахим сургалтад суралцах арга барил, чадварын асуудал
  • Цахим багшлахуй, цахим сургалтад сургалтын менежментийг оновчтой хэрэгжүүлэх асуудал
  • Цахим сургалтын чанар, суралцагч болон багшийн хандлагын асуудал гэх мэт олон асуудлыг нарийвчлан судлах, хэлэлцэх нэн шаардлагатай байсаар байна. Тулгарч буй нийтлэг бэрхшээл сорилтыг даван туулах арга замыг хамтаар хэлэлцэж, зарим нэг шийдлийг олоход тус эрдэм шинжилгээний хурал үнэлж баршгүй ач холбогдолтой бөгөөд МУБИС-ийн зүгээс Боловсролын цахим шилжилтийг хурдасгахад хувь нэмрээ оруулах үүднээс хурлыг хураамжгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус эрдэм шинжилгээний хуралд гадаадын нийт 13-судлаач, дотоодын 38-багш, эрдэмтэн, судлаачид оролцож, коронавирусын цар тахлын үеийн цахим, онлайн сургалтын талаар олон талын судалгааны ажлын үр дүнг цахимаар хэлэлцэх гэж байна. Үүнд: БНСУ-ын Кёнин Боловсролын их сургууль, АНУ-ын Мичиган мужийн их сургууль, Сейлор академи, Жиоржиагийн Их сургууль, ОХУ-ын Буриад улсын Банзаровын нэрэмжит Буриадын их сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг Улсын Халимагийн Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Багшийн коллеж, Монгол улсын МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Дорнод ИС, Боловсролын хүрээлэн, Ерөнхий боловсролын 20 болон “Шинэ үе” сургуулийн эрдэмтэн, багш, судлаачид оролцож, цар тахлын үеийн цахим, онлайн сургалтын талаар тулгамдсан асуудлаарх судалгааны ажлын үр дүнг цахимаар хэлэлцэх гэж байна. Ингээд хуралд оролцогчид болон хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

МУБИС-ийн Гадаад харилцааны алба