ХЭРЭГЛЭЭНИЙ СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН-тэй хамтран ажиллана

Сэтгэл судлалын шинжлэх ухааны чиглэлээр их сургууль, сургалт- эрдэм шинжилгээний байгууллага хоорондын интеграцийг гүнзгийрүүлж, судалгааны ажлын үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний мэдлэг, хандлага, ур чадварыг хөгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, интерншип, ассистентшип хэлбэрийг өргөнөөр ашиглаж, хамтын хүчин чармайлтыг нэгтгэн хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд профессор О.Алтангоо, Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэнгийн захирал Б.Золзаяа нар гарын үсэг зурав. Уулзалт арга хэмжээнд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Галсанжамц, Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Мөнхзул нар оролцлоо. Энэ үеэр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс тун удахгүй эрхлэн гаргаж нээлтээ хийх гэж буй "ХЭРЭГЛЭЭНИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ" шинэ бүтээлийн дээжээ гардуулан өгч номын нээлтэд хүрэлцэн ирэх урилгыг МУБИС-ийн удирдлагад гардуулан өгөв. Талуудын хамтын ажиллагааны үр дүнд МУБИС-ийн Сэтгэл судлалын ангийн оюутнуудыг Сургалт-судалгааны ажилд татан оролцуулж, судалгаа хийх, боловсруулах, туслах судлаачаар ажиллуулах, хамтарсан Олон улсын хурал, сипозиум, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, залуу багш, судлаач, оюутнуудын эрдэм шинжилгээний ажил эрхлэхэд нь судалгааны сан, мэдээ, материал ашиглах боломж бүрдэх ажээ. Ингээд талуудын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.