Азийн физикийн 23 дахь олимпиадад бэлтгэх сургалт МУБИС-д болж байна

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад 5 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус олон улсын олимпиадыг МУ-д 2 дох удаагаа зохион байгуулж буй бөгөөд анх 2008 онд зохион байгуулсан түүхтэй. Энэ удаагийн олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш нар оролцох юм.
Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил албан ёсоор эхэлж, өнөөдөр МУБИС-МБУС-ийн 123 тоот танхимд ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт хийж байна. Сургалтыг Монголын физикийн нийгэмлэг зохион байгуулж, МУБИС, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар удирдан явууллаа.
Мөн ШУА-ийн харьяа Физик, технологийн хүрээлэн, Цөмийн энергийн комисс, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар хамтран ажиллаж байна.
Монголын Физикийн Нийгэмлэгээс 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, Азийн Физикийн олимпиадад оролцох сурагчдад батламж гардуулах, танхимын болон цахим сургалтын талаарх мэдээллийг багш нарт хүргэх, мөн олон нийтийн физикийн боловсролыг дээшлүүлэх илтгэл, хэлэлцүүлэг, заах арга зүйн сургалтуудыг зохион байгуулж байна.