"Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” ОУ-ын 16 дахь хурал амжилттай өндөрлөв

МУБИС-иас жилд нэг удаа зохион байгуулдаг "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал 16 дахь жилдээ 2022 оны 5-р сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон, Герман, Энэтхэг, АНУ зэрэг нийт 8 орны төрийн ба төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, СӨБ болон Шинжлэх ухаан, төр захиргааны байгууллагын 50 шахам эрдэмтэн судлаачид танхим, цахим хосолсон хэлбэрээр оролцон нийт 30 гаруй илтгэлийг амжилттай хэлэлцүүлж, саналаа солилцов. Тус ОУЭШХ-ын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд проф. О.Алтангоо, МУБИС-ийн БХХА-ны дарга проф. Д.Цэдэвсүрэн, тус хурлын чиглүүлэгч эрдэмтэд: Үндсэн хуралдаан: проф. Д.Наранцэцэг /МУБИС, дэд захирал/, проф. Р.Мижиддорж /МБУС/, I салбар хуралдаан: акад. Ж.Тэмүүжин /ШУА/, доктор Я.Шийлэгмаа /МУБИС, ЭШИА/ II салбар хуралдаан: проф. Е.Батчулуун /МБУС/, проф. Ж.Батдэлгэр /СӨБС/, III салбар хуралдаан: доктор Д.Ариунаа /МУБИС/, доктор Б.Төртогтох /СӨБС/ нар хурлын үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж өөр өөрсдийн хуралдааны талаарх санал зөвлөмжөө танилцууллаа. Зөвлөмжид энэ удаагийн хурал нь боловсрол болон багш боловсролын салбарт тулгамдаж буй өргөн хүрээний олон чухал асуудлуудыг хэлэлцсэн, манай судлаачдын бүтээл олон улсад танилцуулагдах цаг болсныг харуулж буйг онцлон дурдаад хуралд оролцсон нийт илтгэгчид, чиглүүлэгчид, оролцогчид, зохион байгуулагч нийт хамт олон, ивээн тэтгэгч байгууллагууд, хурлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн ХМБ-ууд, техникийн ажилтан, орчуулагч нарт гүн талархал илэрхийлж дараагийн 17 дахь хуралд амжилт хүсэв. "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлын үеэр МУБИС-ийн Номын сангаас боловсролын салбарын талаарх номын үзэсгэлэн гаргасан бол МУБИС-ийн Багш нарын холбооноос багш нарынхаа гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа.