МУБИС-ийн түүхт 70 жилийн ойд зориулсан “МУБИС-ИЙН ЦАХИМ СУРГАЛТ БА ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮН” онлайн танилцуулга зохион байгуулагдлаа

МУБИС нь “Хөгжлийн бодлого (2014-2024)” – доо Нээлттэй их сургууль болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийг “Цахим сургалтын чанарыг сайжруулах”, 2021-2022 оны хичээлийн жилийг “Ахисан түвшиний сургалтын чанарыг дээшлүүлэх” жил болгон, олон бүтээлч ажлыг зохион байгуулсаар ирлээ. Үүнд:

  • Цахим сургалт, түүний бодлого, эрх зүйн орчныг дээшлүүлэх
  • МУБИС-ийн МХХТ-ийн дэд бүтцийн орчинг сайжруулах
  • Хүний нөөцийн олон талт чадварыг дээшлүүлэх цахим сургалт зохион байгуулах
  • Сургалтын цахим хэрэглэгдэхүүний сан нэмэгдүүлэх
  • Боловсролын удирдлагын магистрын онлайн хөтөлбөрийн цахим хичээл бэлтгэх
  • Бага болон сургуулийн өмнөх боловсролын бакалаврын хөрвөх ангийн онлайн хөтөлбөрийн цахим хичээл бэлтгэх  
  • Боловсролын нээлттэй нөөц үүсгэх
  • Цахим сургалтын арга зүйг дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулах
  • Цахим номын сан баяжуулах
  • Цахим сургалтын чиглэлийн дотоод, гадаадын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт ажлуудыг дурдаж болно.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн зарим ажил, түүний үр дүнг танилцуулах онлайн арга хэмжээ “МУБИС-ИЙН ЦАХИМ СУРГАЛТ БА ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮН” сэдвийн хүрээнд 2021.10.20-ны өдөр онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг нээж МУБИС-ийн захирал дэд проф Л.Алтангоо мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд проф Х.Тамир “МУБИС-ийн цахим сургалтын бодлого, шинэчлэл”-ийн талаар товч мэдээлэл хийв. Түүнчлэн “Боловсролын удирдлагын магистрын онлайн хөтөлбөр”, хэрэгжилтийн талаар БоСС-ийн БУ-ын тэнхимийн эрхлэгч дэд проф Д.Наранчимэг, Багшийн сургуулийн бакалаврын хөрвөх ангийн онлайн хөтөлбөрийн талаар БаС-ийн хөтөлбөрийн албаны дарга, доктор Б.Булган, СӨБС-ийн бакалаврын хөрвөх ангийн онлайн хөтөлбөрийн талаар СӨБС-ийн хөтөлбөрийн албаны дарга, дэд проф Л.Алтансувд нар танилцуулсан бөгөөд өдгөө БУ-ын магистрын онлайн хөтөлбөрөөр 80 орчим магистрант элсэж, сургалт эхлэхэд бэлэн болсон байна. Мөн МУБИС нь ОУ-д багш мэргэжлийн хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаа бөгөөд түүний үр дүнг МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар танилцууллаа. МУБИС нь цахим сургалтын хэрэглэгдэхүүний санг баяжуулах талаар анхааран ажиллаж байгаа бөгөөд “Интерактив ажиллагаатай 6 цахим хичээл” сэдвээр Зайн сургалтын албаны дарга, дэд проф Л.Мөнхтуяа, “МУБИС-ийн профессор, ахмад багш нарын шилэгдмэл 13 лекц” сэдвээр БТС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, дэд проф С.Туул нар танилцуулга хийлээ. Сүүлийн жилүүдэд МУБИС нь “Мэдээллийн технологийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийгдэж буй дэвшилтэт технологи бүхий анги танхимын тохижилтын талаар МТА-ны дарга Ц.Энхбат, МУБИС-ийн түүхэн он цагаар аялуулах “Цахим музей”-н хөгжүүлэлтийн тухай номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн нар танилцууллаа.

Та бүхэн онлайн хөтөлбөрийн цахим хичээлийн боловсруулалт, хөгжүүлэлтийн талаар https://www.youtube.com/watch?v=kWpJJO1Ne0k холбоосоор, интерактив ажиллагаа бүхий цахим хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youtube.com/watch?v=AgcuhoDPJrQ сувгаас үзнэ үү.

МУБИС нь сурах, сургах таатай орчинг нэмэгдүүлэх, сургалтыг хосолсон хэлбэр (танхим ба онлайн)-ээр зохион байгуулах нөхцөл бүрдүүлэх талаар хамтын оролцоонд суурилсан олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Уг арга хэмжээнд оролцсон бүх зочид, төлөөлөгчид, оролцогчид, илтгэгчид болон хамтран зохион байгуулсан нийт хамт олондоо МУБИС-ийн түүхт 70 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье.