"ОЙРАД МОНГОЛ-ОРОСЫН ХАРИЛЦАА" (1606-1676) УБ2021 номын нээлт болов

МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор Н.Баярцэцэг шинэ хичээлийн жилийн эхэнд "ОЙРАД МОНГОЛ-ОРОСЫН ХАРИЛЦАА" (1606-1676) УБ2021 номын нээлтээ хамт олон, эрдэмтэн багш нар, түүхчид, судлаачид, шавь нарынхаа хамт МУБИС-ийн Төв номын сангийн уншлагын танхимд өнөөдөр хүндэтгэл дүүрэн хийлээ. Тус бүтээл нь Ойрадын /Торгууд, Дөрвөд, Хошууд, Цорос/ноёдын Орос улстай анх харилцаж эхэлсэн үеэс ЗҮҮНГАР УЛС байгуулагдах хүртэлх үеийн Ойрад Монгол, Оросын харилцааны түүхийг авч үзсэн түүхийн судалгааны нэн чухал цаг үеийн түүхийн бүтээл болжээ хэмээн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид баяр хүргэн, талархал илэрхийлсэн юм. Номын нээлтэд НХУС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж.Гэрэлбадрах, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирал түүхч эрдэмтэн А.Дэлгэржаргал, Ардын багш доктор (Sc.D), профессор С.Дулам нар болон Түүхийн болон Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, найз нөхөд, тэнхимийн хамт олон, оюутан шавь нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Номын нээлтийн арга хэмжээг Түүхийн тэнхимийн багш Г.Даариймаа хөтөлж эрхэм номын нөхөртөө баяр хүргэж, амжилт хүссэн юм. Ингээд төрөлх МУБИС-ийнхаа түүхт 70 жилийн ойн босгон дээр судалгааны шинэ бүтээлээ өлгийдөн авч хамт олон, эрдэмтэн судлаачид, шавь нараа баярлуулсан эрхэм багш доктор Н.Баярцэцэг танд дахин баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний болон шинэ хичээлийн жилийн ажилд улам их амжилт хүсэн сайн сайхныг ерөөе.