"Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” ОУЭШХ өндөрлөв

МУБИС-иас жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын Эрдэм шинжилгээний хурлыг "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” сэдвийн дор цахимаар амжилттай зохион байгуулж, өнөөдөр хаалтаа хийлээ. Тус хурал энэ жил 15 дахь жилдээ хүн төрөлхтөнийг нөмрөөд буй цар тахлын онцгой хүнд нөхцөлд анх удаа цахимаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-тэй хамтран өргөн хэмжээнд амжилттай зохион байгуулагдав. Дэлхийн 7 улсын (Монгол, Орос, Хятад, Япон, Америк, Герман, Сингапур) эрдэмтэн судлаачид оролцож хуран чуулсан энэ удаагийн цахим хурал нь энэ цаг үед бүх нийтэд нэн тулгамдаад буй боловсролын чанарын олон талт асуудлаар илтгэлээ амжилттай, нээлттэй хэлэлцүүлж, санал бодол, туршлагаа солилцон хэлэлцсэн өндөр ач холбогдолтой болов хэмээн оролцогчид дүгнэлээ. Өнөөдөр өндөрлөж буй ХААЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал доктор (Sc.D) О.Янжмаа, тус ОУЭШХ-ын Үндсэн болон Салбар хуралдааны чиглүүлэгч /дарга/: Үндсэн хуралдааны /ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ/ чиглүүлэгч:  МУБИС, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, проф. Д.Наранцэцэг,БМИҮЗ-ийн Ахлах шинжээч Ж.Тунгалаг, I салбар хуралдааны /ДЭЭД БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БА МЕНЕЖМЕНТ/ чиглүүлэгч:  МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга доктор Я.Шийлэгмаа, МУБИС-ийн МБУС-ийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч доктор, проф. Ц.Лувсандорж, II салбар хуралдааны /ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ/ чиглүүлэгч: БМИҮЗ-ийн Магадлан итгэмжлэл хариуцсан шинжээч доктор Б.Оюунцэцэг, БМИҮЗ-ийн мэргэжилтэн Н.Түмэнжаргал, III салбар хуралдааны /ДЭЭД БОЛОВСРОЛЫН ИРЭЭДҮЙ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ХӨГЖИЛ, СУРГАЛТ/ чиглүүлэгч: МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга доктор Д.Үүрийнтуяа, МУБИС-ийн СӨБС-ийн Сургалт, арга зүйн төвийн эрхлэгч доктор, проф. Ж.Батдэлгэр нар оролцон хуралдаан тус бүрийн талаарх нэгдсэн тайлангаа товч танилцууллаа. 15 дахь тус ОУЭШХ нь TEAMS, VOOV meeting программаар цахимаар зохион байгуулагдаж МУБИС-ийн цахим хуудсуудаар олон нийтэд шууд хүрсэн ба уламжлалаараа Хурлын эмхэтгэл хэвлэгдэн, тус хурлын үндсэн цахим сайт болох (https://qahe.msue.edu.mn/) - аар хөтөлбөр, удирдамж, оролцох заавар бусад мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байв. Ингээд техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан МУБИС-ийн МТА, ЗСА болон хуралд идэвхтэй оролцсон олон нийтэд гүн талархал илэрхийлье. Түүнчлэн хурлын илтгэгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууддаа (ХААН банк, НҮБ-ын Хүүхдийн сан, МҮОНТ, Япон улсын Нагоя Их Сургууль) дахин талархаж байгаагаа илэрхийлж, амжилт хүсье.