МУБИС 70 жил ба цагийн толь сонин

Улсын Багшийн дээд сургуулийн “Цагийн толь” сонины түүх

МУБИС-ийн 70 жилийн ойд зориулан сургуулийнхаа түүхээр аялах жимд МУБИС-ийн номын сангаас Монголын чөлөөт хэвлэлийн анхны сонины суурийг тавьсан Улсын Багшийн Дээд Сургуулийн 1988 оны “Цагийн толь” сонинг онцолж байна.

Номын сан бол мэдээллийг хадгалж судалгааны эргэлтэнд оруулахын зэрэгцээ хуримтлагдсан мэдээллийг судлан гаргаж түүхийг түүхээр нь дараа үедээ хүргэх учиртай. 
Улсын Багшийн Дээд Сургуулийн 1988 оны энэхүү сонин тухайн үеийн их дээд сургуулиудын анхны сонин болж хэвлэгдэхдээ ардчиллын салхийг сэвэлзүүлсэн Монголын анхны чөлөөт хэвлэл байснаараа онцлог юм. 
Цагийн толь сонин тухайн үеийн Улсын Багшийн Дээд Сургуулийн Утга зохиолын нэгдлийн оюутнуудын санаачлагаар оюутан Д.Сүхбаатар, О.Сундуй, С.Бүрнээ, Ц.Дашдамба, П.Бөхбат, Х.Олзвой нарын редакцийн бүрэлдэхүүнтэй цэвэр оюутны дуу хоолой болон бүтэж байснаараа түүхэн бахархал билээ.