Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадын нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн хичээлийн I байрны 200 тоотод боллоо. Тус нээлтэд МУБИС-ийн Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн, МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар, Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч Ц.Баттогтох нар оролцсон юм. Энэ жилийн олимпиад 21 аймаг, УБ хотоос шалгарсан Багш, 11-12-р анги, 10 хүртэл анги гэсэн 3 ангиллаар нийт 137 оролцогч өрсөлдөж байна.
Ангилал тус бүр 2 өдөр тус бүр 3 бодлогыг 4 цагийн хугацаанд бодож, бодолтыг Олон Улсын Мэдээлэл зүйн олимпиадын автомат шүүлтийн систем (CMS, Contest Management System)-ээр явуулдаг ба уг систем нь оролцогчийн илгээсэн бодлогын кодыг хүний оролцоогүй үнэлж, оноог автомат тооцоолдогоороо онцлогтой.
Мөн ММЗОЗБХорооны зүгээс сурагч, багш нарын программчлах ур чадварыг тасралтгүй сайжруулах, өрсөлдөөн бий болгох, байнгын бэлтгэлийг хангах үүднээс 2018-2019 оны хичээлийн жилээс ҮНДЭСНИЙ ОНЛАЙН ОЛИМПИАД-ыг тогтмол хийж байна. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд нийтдээ 9 удаа онлайн, 3 удаа онсайт олимпиад зохион байгуулж, уг онлайн олимпиадаас 3 багш, 5 сурагчид Улсын олимпиадад оролцох эрх олгоод байна. Онлайн олимпиадын үйл ажиллагааг Pinecone ХХК ивээн тэтгэж хамтран ажилласан байна.
Уг олимпиадад амжилттай оролцсон сурагчдаас нэмэлт шалгуураар олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсыг төлөөлөн оролцох сурагчид тодрох бөгөөд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас 2018 оноос хойш тасраагүй медаль авч байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://informatics.edu.mn/ сайтаас авна уу.