Нийгмийн ажлын оюутны мэргэжлийн олимпиад амжилттай өндөрлөв

МУБИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимээс уламжлалт “Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ?” мэргэжлийн олимпиадыг “НИЙГМИЙН АЖИЛ- НИЙГМИЙН ХАМГААЛАЛ” сэдвийн дор 23 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. ОЮУТНЫ МЭРГЭЖЛИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДЭГЭЭР: ТЭРГҮҮН БАЙРТ: Нийгмийн ажлын II курсийн баг хамт олон, ДЭД БАЙРТ: Нийгмийн ажлын I курсийн баг хамт олон, ТУСГАЙ БАЙРТ: Нийгмийн ажлын III курсийн баг хамт олон тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. Энэ удаагийн олимпиад 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу "Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг" Олон улсын өдөр “Бид ямар ч цаг үе, нөхцөл байдалд хамтдаа хөгжинө” уриан дор АНХ удаа ОНЛАЙН хэлбэрээр зохион байгуулагдсан нь өмнөх жилүүдийн олимпиадуудаас онцлог юм. Төрөөс нийгэм, гэр бүл, хүмүүсийн сайн сайхны төлөө бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтны оролцоо зайлшгүй бөгөөд ялангуяа бүх нийтийн цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдлын үед хүн амын нийгмийн хамгаалалд нийгмийн ажил, нийгмийн халамжийн үйлчилгээ чухал нөлөөтэй болохыг мэргэжлийн олимпиадын багуудын гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээний үзүүлбэрүүд харуулсан юм. Нийгмийн ажлын мэргэжлийн олимпиадын нээлтэд Боловсрол судлалын сургуулийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа, БСС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, НААЗТ-ийн эрдэмтэн багш нар уригдан оролцов. Нийгмийн ажлын ангийн 1-3 дугаар курсийн 210 гаруй оюутан залуус мэдлэг чадвараараа өрсөлдөн орчин үеийн техник хэрэгслийг бүтээлчээр ашиглаж олимпиадын арга хэмжээнд оролцлоо. Мэргэжлийн олимпиадын асуулт хариултын тэмцээн МУБИС-ийн сургалтын удирдлага мэдээллийн системд, олимпиадын нэгдсэн болон салбар үйл ажиллагаа Microsoft ТЕАМS программаар явагдсан нь шинэлэг болов. Мэргэжлийн олимпиадын онлайн харилцаа, хамтын ажиллагаа, нөлөөллийн арга хэмжээ Фейсбуук нийгмийн сүлжээн дэх #МУБИС-БоСС-Нийгмийн ажлын тэнхим пейж хуудас, #МУБИС-БоСС-НА оюутнууд-Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ? тэмцээн 2021 пейж хуудсаар явагдлаа. Мэргэжлийн олимпиадын шүүгчээр ажилласан эрхэм шүүгч НААЗТ-ийн эрхлэгч, доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга, МУБИС-ийн нийгмийн ажилтан-сэтгэл зүйчийн ангийн анхны төгсөгч С.Тунгалагтамир, НААЗТ-ийн багш Т.Булганзаяа, техникийн зөвлөхөөр ажилласан БоСС-ийн багш Д.Мөнх-Эрдэнэ нарт халуун талархал илэрхийлье. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийн мэдээлэл өгсөн МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төвийн хамт олонд талархал илэрхийлье. Оюутан суралцагчдад дэмжлэг үзүүлж ажилласан НААЗТ-ийн ангийн зөвлөх багш нарт баярлалаа. Мэргэжлийн олимпиадын ач холбогдол нь: Нийгмийн ажлын мэргэжилтний чиг баримжаа, хандлага болон мэргэжлээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхэд оюутан суралцагчдад нөлөөлсөн; Нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн бодлого, арга хэмжээний цар хүрээг тодорхойлж нийгмийн ажлын үйлчилгээ, мэргэжилтний мэдлэг, чадварыг онол практикийн үүднээс дүгнэн шинжилсэн; Шинжлэх ухаанчаар нийгмийн ажил үйлчилгээг судлах, асуудал шийдвэрлэх нотолгоонд суурилсан арга зүйгээр эрэл хайгуул хийхэд суралцсан; Цахим онлайн орчинд багш, салбарын мэргэжилтнүүд, оюутан суралцагчдын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжсэн явдал юм.