НХУС-ийн багш Д.Ганболд "Алтан гадас" одонгоор шагнагдав

НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, эх бичиг судлаач доктор, дэд профессор Д.Ганболд багшлах боловсон хүчин бэлтгэх болон Монгол хэл шинжлэлийн ухаанд оруулсан хувь нэмэрээ өндрөөр үнэлүүлж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсанд нийт хамт олон, үе үеийн төгсөгчид, олон зуун шавь нарын өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Дэд профессор Д.Ганболд багш нь дээд боловсролын салбарт 30 шахам жил багшлахдаа олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж оюутан залуус, судлаачдын хүртээл болгохын зэрэгцээ бүтээлүүд нь ОХУ, БНХАУ-д монгол, орос, англи хэлээр хэвлэгджээ. Түүнчлэн Монгол орныхоо баруун 10 аймгийн нутгаар явж цуглуулсан Монгол бичиг, Тод бичиг, Төвд хэлээр уламжилсан ном судар бүхий Эртний бичиг соёлын 1000 гаруй дурсгалыг хамруулсан “Монголчуудын бичиг соёлын дурсгалын сан” –г үүсгэн байгуулсан нь хойшид уламжлах, цаашдын судлаач эрдэмтдэд чухал үнэтэй хэрэглэгдэхүүн болоод байгаа юм. Дэд проф. Д.Ганболд багш НХУС-ийн Монгол хэлний тэнхимд Эртний судар бичгийн дурсгал бүхий “Бичиг соёлын төв”-ийг үүтгэн бичвэр дээр нь ажиллахын хамт Монгол хэл бичгийн мэргэжлийн ангид Төвд хэл бичиг, Монгол хэлний найруулга зүй хичээлийг, мэргэжлийн бус ангид "Монгол хэл бичиг, найруулга зүйн" хичээлийг тус тус зааж байна. Ингээд хөдөлмөрч, бүтээлч эрдэмтэн багшдаа улам их амжилт хүсье.

Т.Дуламрагчаа