Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртэв

МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 33 ДУГААР ОНЛАЙН ОЛИМПИАДААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг 2021 оны 06 дугаар сарын 19-өөс  25-ий өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа. Уг олимпиадад Монгол улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. А.Нямдаваа нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болоод байна. Багийн бусад гишүүд болох Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бэлгүтэй, Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй, Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар амжилттай оролцлоо.  Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ы дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын ажлыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо (ММЗО НҮТББ), МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажиллалаа. Олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажилласан юм. Олимпиадын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт багш, байгууллагууддаа болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн Сант академийн гүйцэтгэх захирал А.Батжаргал, Нэст сургуулийн багш Т.Өсөхбаатар болон бусад багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын албан ёсны дүнг ЭНД дарж үзнэ үү
Олимпиадын хаалтын ажиллагааны видеог ЭНД дарж үзнэ үү: