“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл IV” сэдэвт магистрант, докторантын хурал амжилттай өндөрлөлөө

“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл IV” сэдэвт боловсрол судлалын магистрант, докторантад зориулсан эрдэм шинжилгээний хурал цахимаар өнөөдөр явагдаж амжилттай өндөрлөлөө. Тус хурал нь боловсрол судлалын магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, дэмжих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүйд суралцах, санал бодлоо солилцох, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хуралд 38 оюутан буюу 9 магистрант, 29 докторант эрдэм шинжилгээний илтгэлээ 4 салбар хуралдаанаар тавьж хэлэлцүүлэв. Хурлыг нээж МУБИС-ийн захирал дэд профессор О.Алтангоо, Боловсрол судлалын сургуулийн захирал дэд профессор Г.Цогзолмаа нар үг хэлж хуралд амжилт хүслээ. Үндсэн илтгэлд профессор Д. Эрдэнэчулуун “Судалгаанд бие хүний сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх нь”, дэд профессор Л.Мөнхтуяа “Цахим сургалтын хэрэгжилт, асуудал, шийдэл” сэдэвт илтгэлийг танилцуулсан бол докторантуудад докторын судалгааны ажлаа хамгаалахад нь тус дөхөм болох зорилготойгоор Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн профессор доктор Л .Бат, Отгонтэнгэр их сургуулийн доктор А.Буянжаргал нар “Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалах үйл явц, сургамж” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Хурлыг Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа аргазүйн тэнхим МУИС, Боловсролын хүрээлэн, Боловсрол судлалын сургуулийн захиргаатай хамтран зохион байгууллаа. Ингээд нийт илтгэгчид болон зохион байгуулагч хамт олондоо талархал илэрхийлье.