“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл” хурал амжилттай өндөрлөв

“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт Боловсрол судлалын магистрант, докторантын Эрдэм шинжилгээний онлайн хурал өнөөдөр VooVMeeting программаар амжилтай болж өндөрлөв. Боловсрол судлал, аргазүйн тэнхимээс 3 дахь жилдээ Боловсрол судлалын сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулж буй тус хурал нь тэнхимийн докторант оюутны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага чадварыг дээшлүүлэх, дэмжих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүйд суралцах, санал бодлоо солилцох, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор анх зохион байгуулагдаж байсан бөгөөд хуралд оролцсон оролцогчдоос санал асуулга авч үйл ажиллагаагаа сайжруулан, жил ирэх тусам хүрээгээ тэлж, өөр өөрийн онцлогтой болсоор байгаа билээ.
Анх 2018-2019 оны хичээлийн жилд зохион байгуулахдаа зөвхөн “БСАЗ-н тэнхимийн докторант”- оюутнуудын дунд зохион байгуулсан бол өнгөрсөн хичээлийн жилд магистрант оюутнуудыг хамруулахаас гадна тус хуралд оролцогчдод илтгэлээ хэлэлцүүлж үнэ цэнэтэй зөвлөгөө өгч ажилласан төдийгүй судалгааны ажлын кредитийг тооцох боломжийг олгосноороо онцлог байв. Харин энэ хичээлийн жилийн хувьд МУБИС-ийн 70 жилийн ойн хүрээнд болж хүрээгээ улам өргөжүүлэн гадны боловсролын байгууллагуудтай хамтран, Боловсрол судлалын чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг бусад сургуулийн магистрант, докторантууд оролцож буй болон "Ковид-19" цар тахлын улмаас бүрэн "Цахим"-аар явагдаж байгаагаараа онцлог байв. Гурван жилийн хугацаанд нийт 84 илтгэл хэлэлцэгдэж байгаагаас 8 магистрант, 76 докторант оролцсон ба үүнээс 36 нь Өвөр Монгол оюутнууд байна. Энэ жилийн хурал нь цахимаар зохион байгуулагдаж байгаатай холбогдон ӨМӨЗО-оос 9 оюутан, гадны сургуулиудаас 8 докторант тус тус өөрийн судалгааны ажлаасаа хэлэлцүүлэв. Өнөөдрийн хурлын нээлтийн үндсэн хуралдаанд 100-аад оролцогч цахимаар хамрагдав. Ингээд Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй өргөнөөр оролцсон илгэгчид болон оролцогчид, үндсэн болон салбар хуралдааны чиглүүлэгчид, хурлыг дэмжиж хамтран ажилласан Боловсролын хүрээлэн, БМДИ, МУБИС-ийн удирдлагууддаа гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.