МУБИС-ийн “Үндэсний хөгжмийн клуб” нээгдлээ

МУБИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимийн Үндэсний хөгжмийн багш нараас бүрдсэн авьяаслаг залуу багш нар Монгол үндэсний хөгжмийн урлагийг нийтэд түгэн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготойгоор “Үндэсний хөгжмийн клуб” байгуулж байгаагаа илэрхийлж, нээлтээ хийв. Клубын зорилго нь оюутан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, ялангуяа хөгжмийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэн дэмжих, цаашлаад мэргэжлийн хөгжимчид, урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, тоглолт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөж байгаа аж. Клубын үйл ажиллагааг морин хуур, хуучир, ёочин, ятга, шанз зэрэг хөгжмийн зэмсгээр голлон явуулах юм. Клубын багт: МУБИС-ийн багш нар: ахлагч ёочин хөгжмийн багш Х. Бархүү, Гишүүдэд: Хуучир хөгжмийн багш /Ph.D/ Ч. Отгонбаяр, Морин хуур хөгжмийн багш Б.Өсөхбаяр, Лимбэ хөгжмийн багш Б.Мягмарцэрэн, Ятга хөгжмийн багш Б.Жаргалмаа, Шанз хөгжмийн багш Б. Гэрэлтуяа нар багтсан байна. Нээлтийн арга хэмжээнд:

Морин хуур хөгжмийн багш Б. Өсөхбаяр морин хуурын уламжлжлт татлага “Жонон харын явдал”-ыг, Шанз хөгжмийн багш Б. Гэрэлтуяа “Үлгэрийн холбоо”, Ятга хөгжмийн багш Б.Жаргалмаа “Үлэмжийн чанар” уран бүтээлийг тус бүр өөрийн хөгжмийн зэмсгээ танилцуулан гоцлол тоглож үзүүлсэн нь бахархалтай байсныг дурьдахад таатай байна. Ингээд эрхэм хүндэт хөгжим сонирхогч та бүхнийг тус клубт гишүүнээр элсэн хөгжмийн урлагаар хичээллэхийг урьж байна. Залуу уран бүтээлч эрдэмтэн багш нартаа баярын мэнд дэвшүүлж, улам их амжилт хүсье.