Цэцэрлэгийн ээлжийн багш оюутнуудтай уулзалт өдөрлөг зохиов

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС) “Цэцэрлэгт ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай хийх уулзалт, ярилцлага” арга хэмжээг 2021 оны 11-р сарын 19-ний өдөр өргөн дэлгэр зохион байгууллаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2021-2024)-т Цэцэрлэгийн багшийн ажлын ачааллыг бууруулах, хүүхдийг ажиглах, судалгаа хийж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “ЭЭЛЖИЙН БАГШ АЖИЛЛУУЛАХ” БШУ-ны сайдын тушаал батлагдаж 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн сонгогдсон дүүргүүдэд ээлжийн багшийг ажиллуулж эхлээд байгаа бөгөөд тус арга хэмжээний хүрээнд МУБИС-ийн СӨБС-ийн 4-р дамжааны 54 оюутан хамрагдаж байгаа юм. СӨБС-иас ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтайгаа удирдамжийн дагуу байнгын холбоотой ажиллан тэдэнд мэргэжлийн болон аргазүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэн хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зохион байгуулсан уулзалт, ярилцлагад БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамжав, Нийслэлийн БГ-ын орлогч дарга М.Цогзолмаа, мэргэжилтэн Б.Мөнхзаяа, СӨБС-ийн захирал дэд профессор Л.Ганцэцэг, Хөтөлбөрийн албаны дарга дэд профессор Л.Алтансувд нар болон эрдэмтэн багш нар оролцон ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудын сонирхсон асуултад хариулж, дээрх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр ээлжийн багшаар ажиллах хугацаандаа 100 хувийн ирцтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаа 13 оюутныг шагнан урамшуулж, улмаар саад бэрхшээлийг даван туулж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй багш, оюутнууддаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү оюутнууд цэцэрлэгийн ээлжийн багшаар ажилласнаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, суралцангаа ажиллаж орлоготой оюутан болох цаашлаад төгсөөд ажлын байраар хангагдан төгсөгчдийн чанар сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой талаар эрдэмтэн багш нар онцолсон бол нийгэмд цэцэрлэгийн ажиллах цагийг уртасгаснаар эцэг эхчүүд ажил үүргээ амжилттай гүйцэтгэх, цэцэрлэгийн багшийн цагийн ачаалал буурч өөрсдийг хөгжүүлэх болон ар гэртээ гаргах цаг хугацаа нэмэгдэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг олон талын ач тустайг дүгнэн ярилцав. Ингээд улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж, цаашдаа цэцэрлэгийн багшийн ажиллах нөхцөл байдалд нөлөөлөхүйц томоохон үйл ажиллагааны түүхийг бүтээлцэж буй оюутан залуусдаа нийт хамт олон, эрдэмтэн багш нар, сургуулийн өмнөх боловсролын салбарын хамт олны өмнөөс талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.