“Амьтан судлал, экологийн салбарт туурвисан бүтээл” эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган номын нээлт боллоо

МУГБ, БШУ-ны Академийн академич, доктор, профессор Хорлоогийн Мөнхбаярын “Амьтан судлал, экологийн салбарт туурвисан бүтээл” эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган номын нээлт өнөөдөр МУБИС-д боллоо. Нээлтэд МУБИС-ийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтангоо, Биологийн ухааны салбарын нэрт эрдэмтэд, эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид болон МУБИС-ийн Биологийн тэнхимийн хамт олон, түүний шавь нар хүрэлцэн ирсэн юм.  

МУГБ Х.Мөнхбаярын шинэ ном нь МУБИС-ийн 2022 оны дотоод санхүүжилтээр хэвлэгдэн ийнхүү олны хүртээл болж байна.

Тэрбээр МУБИС-д 58 жил ажиллахдаа бичиж туурвисан эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл тэмдэглэлээс нэлээдийг сонгон эмхэтгэж тус номыг бүтээсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдийг оруулахдаа хэвлэлийн газраас зөвшөөрөл авсан байна. Тус номд багтсан судалгааны өгүүллийн олонх нь хамтын бүтээл бөгөөд хамтран зохиогчдынхоо идэвх зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа МУГБ Х.Мөнхбаяр нээлтийн үеэр онцолсон юм.

МУ-ын боловсролын салбарт үнэт хувь нэмэр оруулж, биологийн ухааны олон зуун бүтээл туурвин, олон зуун шавь нарыг бэлтгэн гаргасан түүний уг номыг МУ-ын Ардын багш Ц.Өнөрбаян эрхлэн хэвлүүлж, эх бэлтгэлийг доктор Ч.Сувдцэцэг, Б.Соддэлгэрэх нар хариуцсан ажилласан байна.