Дал гаруй жилийн түүхтэй Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нэрийн өмнөөс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
Боловсрол бол хүний хөгжил, бидний ирээдүй бөгөөд мэдэх, чадах, амьдрах гэсэн баримтлалд тулгуурладаг. Боловсролын хөгжлийн суурийг орчин цагийн хувьсал, хүний хөгжил, төрийн бодлоготой холбож, шинжлэх ухааны мэдлэгийг практик хэрэглээтэй хослуулах нь чухал. Дэлхий нийтээрээ хувь хүний ялгаатай байдлыг ойлгож, тэгш хүртээмжтэй боловсрол олгохыг эрхэмлэж байна. Зөв хандлагатай, суралцахуйг эзэмшсэн, хийж бүтээх эрмэлзэлтэй, амьдрах чадвартай иргэнийг бий болгох цаг үеэ мэдэрсэн бүтээлч, зөөлөн ур чадвартай, багш нарыг бэлтгэхээр бид ажиллаж байна. Мөн нийгэмд эрэлт хэрэгцээтэй бусад олон мэргэжлээр МУБИС боловсон хүчин бэлтгэсээр ирсэн.
Манай эрдмийн хамт олон 21 дүгээр зууны боловсролын салбарын хамгийн чухал хүчин зүйлс болох улс төрийн хүчин зүйлс, эдийн засгийн хүчин зүйлс, нийгмийн хүчин зүйлс, технологийн хүчин зүйлс (PEST) болон цаг үеийн хувьслыг даган багшийн ур чадварт тавигдаж буй технологийн дэвшил, цахим орчин, хиймэл оюунд суралцах, хурдтай байх шаардлагуудыг хөтөлбөрийн шинэчлэлдээ тусган ажиллаж байна.
Дэлхийн тогтвортой хөгжил, улс орныхоо өрсөлдөх чадварт бодитой хувь нэмэр оруулах шинэ үеийн бүтээлч багш, инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгчдийг МУБИС бэлтгэхийг зорьж байна.
Бидэнтэй хамтран ажилладаг түншлэгч байгууллагууд, манай сургуулийг сонгон суралцаж буй, суралцахаар зорьж буй залуустаа амжилт хүсье. Сайхан нийгмийг хамтдаа бүтээе.
МУБИС-ИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР Ж.БАТБААТАР