МУБИС-ийн МБУС-ийн хувьд сургалтын хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож дотоодын болон олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар   магадлан итгэмжлүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал:

“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-өөр  МУБИС-ийн МБУС-ийн “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш”, “Хими-байгаль шинжлэлийн багш”, Биологи-байгаль шинжлэлийн багш”, Газар зүй-байгаль шинжлэлийн багш”, Физик-байгаль шинжлэлийн багш”, мэргэжлийн хөтөлбөрүүдийг (2011-2014 онд) магадлан итгэмжлүүлсэн.

Манай сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэлийг хийснээр олон улсын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн юм.

Олон улсын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллага нь инженер, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг (ASIIN) нь 1999 оны 7-р сард байгуулагдсан ашгийн бус холбоо бөгөөд энэ нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүлэгч юм. Энэхүү байгууллагаар

 

  1. “Багш, математикийн боловсрол”,  “Багш, мэдээлэл зүйн боловсрол” (индекс-D011401) бакалаврын зэрэг олгох математик, мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрийг 2018 онд магадлан итгэмжлүүлж 2023 он хүртэл сунгасан
  2. “Багш, Байгалийн ухааны боловсрол” (индекс-D011402) бакалаврын зэрэг олгох биологи, газар зүй,  хими, физикийн сургалтын хөтөлбөрийг 2021онд магадлан итгэмжлүүлж 2024 он хүртэл сунгасан.

Ингэснээр ASIIN-ийн хүрээнд их дээд сургуулиуд болон бизнесийн хүрээнийхэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын стандартыг боловсруулахын тулд ижил түвшинд ажилладаг, хичээлийн онцлог шалгуурыг тасралтгүй боловсруулж, их сургуулийн багш нарын холбоодтой стратегийн түншлэлийн хүрээнд олон улсын түвшинд зохицуулах боломж бүрдсэн гэж үзэж байна.



Байгалийн ухааны багш, Биологи

1951 онд Багшийн институтийг үүсгэн байгуулснаар Байгаль-дэлхийн багш бэлтгэх салбараар анх биологийн багш нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1957 оноос дээд мэргэжилтэй багш нарыг бэлтгэх УБДС болж зохион байгуулагдахад Хими–Байгалийн тэнхим, 1960 оноос бие даасан Биологийн тэнхим болжээ. 1970-д оны эхээр хөдөө орон нутагт багшийн хүрэлцээ хангалтгүй байсан тул биологийн багшийг түргэвчилсэн курсээр 400–гаад багш бэлтгэснээс гадна 1977 оноос эчнээ сургалтаар суралцуулж байжээ. Биологийн тэнхим 1993 он хүртэл Хими-Биологийн мэргэжлээр багш бэлтгэх ажлыг химийн тэнхимтэй хамтран хэрэгжүүлсэн бөгөөд 1990 оноос дан биологийн мэргэжлээр багш нарыг бэлтгэсэн. 1986-1991 онд Биологи-Газарзүйн багш, 1995 оноос Экологи-Химийн багш, 2005 оноос Газарзүй-Биологийн багшийн ангийг дахин нээж, 2004 онд Биологи-Биеийн тамир-Эрүүл мэндийн багш, 2007 оноос Биологи-Эрүүл мэндийн багш зэрэг хавсарсан мэргэжлийн багш нарыг бэлтгэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд дан болон хавсарсан мэргэжлээр 2600 гаруй бакалавр, 193 орчим магистр төгсгөжээ.

Биологийн тэнхимийн төгсөгчдөөс Монгол Улсын төрийн шагналт, академич, доктор, профессор, ардын багш, гавьяат багш зэрэг олон алдар цолтон төрөн гарсан нь бидний бахархал билээ.

Биологийн тэнхимийн үе үеийн эрдэмтэн багш нар ЕБС-ийн Биологийн хичээлийн сурах бичиг боловсруулах үндсэн багт ажиллаж ирсэн. Хамгийн анх буюу 1972 онд биологийн сурах бичиг боловсруулах багт проф. Х.Мөнхбаяр багш оролцсон байдаг. Түүнээс хойш ЕБС-ийн биологийн боловсролын стандарт, үндэсний хөтөлбөр, цөм хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном, зөвлөмж, гарын авлага боловсруулах багт тус тэнхимийн багш нар тасралтгүй ажиллаж байна.