МУБИС-ийн МБУС-ийн хувьд сургалтын хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож дотоодын болон олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар магадлан итгэмжлүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал:
“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-өөр МУБИС-ийн МБУС-ийн “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш”, “Хими-байгаль шинжлэлийн багш”, Биологи-байгаль шинжлэлийн багш”, Газар зүй-байгаль шинжлэлийн багш”, Физик-байгаль шинжлэлийн багш”, мэргэжлийн хөтөлбөрүүдийг (2011-2014 онд) магадлан итгэмжлүүлсэн.
Манай сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэлийг хийснээр олон улсын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн юм.
Олон улсын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллага нь инженер, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг (ASIIN) нь 1999 оны 7-р сард байгуулагдсан ашгийн бус холбоо бөгөөд энэ нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүлэгч юм. Энэхүү байгууллагаар
- “Багш, математикийн боловсрол”, “Багш, мэдээлэл зүйн боловсрол” (индекс-D011401) бакалаврын зэрэг олгох математик, мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрийг 2018 онд магадлан итгэмжлүүлж 2023 он хүртэл сунгасан
- “Багш, Байгалийн ухааны боловсрол” (индекс-D011402) бакалаврын зэрэг олгох биологи, газар зүй, хими, физикийн сургалтын хөтөлбөрийг 2021онд магадлан итгэмжлүүлж 2024 он хүртэл сунгасан.
Ингэснээр ASIIN-ийн хүрээнд их дээд сургуулиуд болон бизнесийн хүрээнийхэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын стандартыг боловсруулахын тулд ижил түвшинд ажилладаг, хичээлийн онцлог шалгуурыг тасралтгүй боловсруулж, их сургуулийн багш нарын холбоодтой стратегийн түншлэлийн хүрээнд олон улсын түвшинд зохицуулах боломж бүрдсэн гэж үзэж байна.
Мэдээлэл зүй
1980-аад оны сүүлээр Монгол улсын ерөнхий боловсролын болон техник мэргэжлийн сургууль, техникумд мэдээлэл зүй-тооцоолон бодох хичээл орох болсонтой уялдан тухайн хичээлийг заах мэргэжлийн багшийг бэлтгэх хэрэгцээ бий болжээ. Иймд Улсын Багшийн Их Сургууль (УБИС)-ийн ректорын 1991 оны 9 сарын 6-ны өдрийн 352 тоот тушаалаар мэдээлэл зүйн багш, мэргэжилтэн бэлтгэх үүрэг бүхий “Мэдээлэл зүй тооцоолон бодох математик”-ийн тэнхимийг байгуулж байжээ. Тус тэнхим нь байгуулагдсан цагаасаа “Мэдээлэл зүй-математикийн багш”, 1995 оноос “Мэдээлэл зүйн багш”, 1997 онд “Мэдээлэл зүй-англи хэлний анги”, 2012 онд “Компьютерийн програм хангамж” ангийг нээж мэдээлэл зүйн багш, компьютер, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж иржээ. 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл математик-мэдээлэл зүйн багш, мэдээлэл зүй-математикийн багш, мэдээлэл зүйн багш, байгууллагын менежер, мэдээлэл зүй-англи хэлний багш, компьютерийн програм хангамжийн мэргэжлээр 800 гаруй бакалавр зэрэгтэй боловсон хүчин бэлтгэн гаргасан байна. Мэдээлэл зүйн боловсрол, мэдээллийн технологийн чиглэлээр 140 орчим магистр төгсгөжээ.
Тус тэнхим нь МУБИС-ийн 12 дугаар байр, 2 дугаар байруудад байрлах интернэт болон дотоод сүлжээнд холбогдсон компьютер бүхий 6 лаборатори,хичээлийн 6 танхим, дотоод номын сан бүхий орчинд сургалтыг ажлыг зохион байгуулж, мэдээлэл зүйн багш, программ хангамжийн бакалавр, мэдээлэл зүйн боловсрол, мэдээллийн технологийн мэргэжлээр магистр бэлтгэж байна. Мөн МУБИС-ийн хэмжээнд “Мэдээлэл харилцааны технологи” хичээл болон компьютерийн сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Өнөөдрийн байдлаар бакалаврын 300 гаруй оюутан, магистрантур, докторантурын 30 орчим судлаач оюутантайгаар сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус тэнхим нь 3000 гаруй ном сурах бичиг, ном сэтгүүлээр суралцагчдад үйлчилдэг дотоод номын сантай. Тэнхимийн орчинд утасгүй интернэтийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлсэн. Тэнхимийн давуу тал нь Монгол Улсын боловсролын системд МХТ-ийн мэргэшлийн багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, магистрантур, докторантур зэрэг боловсролын ахисан түвшний сургалтын үйлчилгээ үзүүлж, МХТ-ийн боловсролын салбарт эрдэм шинжилгээ, арга зүйн чиглэлээр судалгаа явуулдаг.