МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

МУБИС-ийн магистрын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад БШУ-ы сайдын 2014 оны “Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/370 дугаар тушаал, МУБИС-ийн захирлын 2015 оны “Сургалтын журам шинэчлэн батлах тухай” А/172 энэхүү журмыг баримтлана.

Төгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт

  1. МУБИС-ийн Номын сан нь магистрантуудад зориулсан уншлагын болон цахим мэдээллийн танхимаар үйлчилгээ үзүүлнэ.
  2. Бүрэлдэхүүний сургууль нь магистрантуудад интернэт  ашиглах,судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх боломжоор хангах зэргээр сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.
  3. Өмнөх боловсролын зэргийн голч оноо 3.0-оос дээш  магистрант нь бүрэлдэхүүний сургууль, тэнхим, профессорын багийн харьяанд туслах багш,  ажилтнаар ажиллулах  тэтгэлэгт хөтөлбөр (assistantship)-т хамрагдаж болно.
  4. Дээрх хөтөлбөрийн зорилго нь магистрантуудад тэнхим, профессорын багийн дэргэд ажиллаж, сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацийн хүрээнд онол, аргазүйн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг авах, хамтын үр ашигтай, идэвхтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр

 Судалгааны магистрын сургалтын төлөвлөгөө нь 38 кредит бүхий дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • суурь хичээл /мэргэжлийн суурь/ хичээл 12 кредит 
  • мэргэших хичээл 18 кредит
  • судалгааны ажил 8 кредит  байна.
  1. Өдрөөр суралцагч нэг улиралд 15, эчнээгээр суралцагч 12-оос илүүгүй кредитийн хичээл судална. Эрдэм шинжилгээний кредит  гүйцэтгэлд хязгаар тогтоохгүй.
  2. Магистрант нь бакалаврын сургалтаар эзэмшсэн мэргэжлийн чиглэлээс өөр чиглэлээр суралцахыг хүсвэл сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг тухайн мэргэжлийн тэнхим, профессорын баг, сургуулийн тогтоосон хөтөлбөрөөр төлбөртэй судалж, үнэлүүлсэн байна. Судалсан хичээлийг магистрын сургалтын үндсэн хичээлд тооцохгүй.
  3. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан онолын болон сургалтын               арга зүй технологийн чиглэлээр судалгаа хийж, өөрийн сургууль, аймаг, дүүргийнхээ багш нарын хөгжилд хувь нэмэр оруулж буй багш нарт мэргэжлийн магистрын зэрэг олгож болно.   
  4. Мэргэжлийн магистрын хөтөлбөрийн элсэлтийг хичээлийн жилд гурван удаа (8, 1, 5-р сард) зохион байгуулна. 

Элсэлт

  1. МУБИС-ийг 3.7 голч дүнтэй төгссөн бол магистрын сургалтын тухайн жилийн төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Суралцах хугацаандаа 3.0-оос  доош голч дүн авсан бол тухайн улирлаас эхлэн энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжгүй.
  2. Элсэгч нь өмнө эзэмшсэн бакалаврын ба магистрын мэргэжлээс өөр чиглэлээр магистрын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү  хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын болон зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
  3. Бүрэлдэхүүний сургууль нь МУБИС-ийн элсэгчдэд тавих шаардлага хангасан хүмүүсээс гадаад хэл болон мэргэжлийн шалгалт авч, холбогдох бичиг, баримтыг бүрдүүлж, тэдгээрийн үнэн зөвийг магадлан элсүүлнэ.
  4. Магистрын сургалт нь өдөр, эчнээ хэлбэртэй байна. МУБИС-д суралцагчийн хувьд магистрын хөтөлбөрт суралцах хугацааг хөтөлбөрөөр зохицуулна.

Сургалтын хугацаа

  1. Магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 3 улирал, эчнээгээр 4 улирал тус тус байна. Судалгааны ажлыг тасралтгүй хийж, чанартай үр дүн гаргаж, кредитээ бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүний сургууль, хөтөлбөрийн нэгдсэн албаны зөвшөөрлөөр магистрын сургалтын хугацааг нэг улирлаар богиносгож болно.
  2. Суралцагч нь суралцах хугацааг дүүргэснээр зэрэг горилсон магистрын ажил бичиж хамгаалах эрхтэй болох бөгөөд судалсан кредит болон дүнг баталгаажуулан, МУБИС-ийн магистрын сургалт дүүргэсэн тухай захирлын тушаалаар гэрчилгээ олгоно. Магистрантын  сургалтын кредит  энэхүү гэрчилгээг авснаас хойш 4 улирал хүчинтэй ба энэ хугацаанд эрдэм шинжилгээний кредитээ гүйцээн магистрын ажил, бичиж хамгаалах эрхтэй байна.
  3. Мэргэжил өөрчилж суралцахтай холбоотой бэлтгэл сургалтын хугацааг судлах кредитийн хэмжээнээс хамааруулж бүрэлдэхүүний сургуулийн захирлын шийдвэрээр тогтооно. Хугацаа 2 улирлаас илүүгүй  байна.

Удирдагч, судалгааны ажлын сэдэв ба төлөвлөгөө

  1. Бүрэлдэхүүний сургууль нь мэргэжлийн тэнхим, профессорын баг, профессор, оюутны саналд тулгуурлан  суралцагч нэг бүрээр судалгааны ажлын сэдэв, удирдагчийн талаарх саналыг магистрантын  элссэн улиралд багтан гаргах бөгөөд үүнийг МУБИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
  2. Суралцагч нь магистрын ажлыг сэдвийн дагуу судалгаа хийх төлөвлөгөөг удирдагчтай зөвшөлцөн боловсруулж, тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн албаар хянуулан бүрэлдэхүүний сургуулийн захирлаар баталгаажуулна.
  3. Магистрант нь судалгааны тойм боловсруулж тайлан бичих, судалгааны аргазүй боловсруулах, туршилт судалгаа явуулж үр дүнг тооцох зэрэг  ерөнхий дарааллаар судалгааны ажлаа хийж гүйцэтгэх бөгөөд судалгааны шат тус бүрт тэмдэглэл хөтлөх ба удирдагчийн зүгээс хянаж зохих дүгнэлт хийнэ. Тэмдэглэлийг улирлын эцэст дүгнэлтийн хамт бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд хүлээлгэж өгнө.
  4. Магистрант нь хүндэтгэх шалтгаанаар удирдагч, сэдвээ өөрчлөх хүсэлт гаргавал холбогдох мэргэжлийн тэнхим, профессорын баг, бүрэлдэхүүний сургуулийн саналыг үндэслэн МУБИС-ийн захирал тушаал гаргаж шийдвэрлэнэ.

Мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх

  1. Суралцагч С ба түүнээс дээш дүн авсан тохиолдолд тухайн кредит цагийг биелүүлсэнд тооцно. С үнэлгээнээс доогуур оноо авсан тохиолдолд тухайн хичээлд ноогдох кредитийн төлбөрийг төлж дахин судална.

Гадаад хэл

  1. Магистрант нь  хичээлээр авах 20 кредит цагийг биелүүлсний дараа англи хэлний шалгалт өгнө. Шалгалтыг МУБИС-ийн захирлын тушаалаар байгуулсан гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс авна.
  2. Гадаад хэлний шалгалтад хангалттай дүн авч чадаагүй суралцагч магистрын ажил, диссертацийн хамгаалалтад орох эрхгүй.

Магистрын ажил хамгаалах

  1. Магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээ, онол аргазүйн зохих түвшинд гүйцэтгэж, тухайн асуудлын шинжлэх ухааны үндэслэл, онол практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл байх шаардлагыг хангасан байна.
  2. Магистрын ажил нь төсөл, нэг сэдэвт бүтээл байж болох ба энэ тохиолдолд төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, хэрэгжүүлэх арга зам, хүлээгдэж буй үр дүнг тодорхой томьёолж,  туршилт судалгаа хийсэн байна.
  3. Магистрын ажлыг МУБИС-ийн захирлын тушаалаар баталсан стандартын дагуу загвар, шаардлагыг хангаж бичиж хэвлүүлнэ.
  4. Магистрант нь сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг бүрэн судалж зохих кредитийг цуглуулсан, гадаад хэлний шалгалтыг амжилттай  өгсөн, сургалтын төлбөрөө төлсөн, магистрын ажлаа тэнхим/профессорын багаар  урьдчилан хэлэлцүүлсэн зэргийг үндэслэн тухайн бүрэлдэхүүний сургуулиас дүгнэлт гаргана. Үүнийг үндэслэн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд магистрантын судалгааны ажлыг уламжилна.
  5. Магистрын ажлаа хамгаалж чадаагүй бол 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалуулах зөвлөлд хэлэлцүүлэх эрхтэй. Дахин хамгаалалтад орох хүсэлтээ бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд хүсэлт гаргах ба бүрэлдэхүүний сургуулийн саналыг үндэслэн хөтөлбөрийн нэгдсэн албанаас зөвшөөрөл олгоно.