“Монгол хэл судлал” 15 боть номын нээлт болов

Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн 40 гаруй эрдэмтэн судлаач хамтран “Монгол хэл судлал” хэмээх 15 боть бүтээлийг зохион хэвлүүлжээ. Өнөөдөр энэхүү 15 боть бүтээлийг нээх ёслол Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд боллоо. Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын хэл, соёл, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцсон юм.

Энэхүү 15 боть нь “Монгол хэл судлалын түүх” ерөнхий агуулгад зангидcан “Монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал”, “Монгол хэлний үг зүй, өгүүлбэр судлал”, “Монгол хэлний үгийн сан, утга судлал”; “Монгол хэл судлал” нэрийн дор багтаасан “Монгол хэлний түүх”, “Түүхэн хэл зүй”, “Нутгийн аялгуу”, “Үсэг зүй”, “Авиа зүй”, “Үг зүй”, “Үгийн сан, утга зүй”, “Өгүүлбэр зүй”, “Эх судлал”, “Бичгийн хэл”, “Танихуйн хэл шинжлэл, хэлний соёл судлал”, “Хэрэглээний хэл шинжлэл, хэл боловсруулалт, түгээмэл хэл зүй” гэсэн номоос бүрдэж байна.

“Монгол хэл судлал” 15 боть бүтээл нь хэл шинжлэлийн нийтлэг онол, орчин үеийн арга зүйн үүднээс эх хэлнийхээ бүтэц, тогтолцоог тодруулан гаргасан цогц судалгаа бөгөөд монгол хэл шинжлэлийн салбарт анх удаа гарч буй бүрэн хэл зүй юм. Түүнчлэн энэхүү цогц бүтээлийн үр дүн, үзэл баримтлал нь бүх шатны боловсролын эх хэлний сургалт, судалгааны үндэс суурь, гол чиг баримжаа болох ач холбогдолтой юм.

Эх сурвалж: МУИС