Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нагояа Их Сургуулийн эрдэмтэн судлаачид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш нартай хамтран “Монгол улс дахь бага ангийн сурагчдын зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлийн тархалт” сэдвээр судалгааны ажил хийж байгаа бөгөөд МУБИС, АШУҮИС-ийн судлаачдын баг Нагояа Их сургуулийн “Сэтгэл зүйн боловсрол, судалгааны төв” дээр ажиллаа.
Судалгааны ерөнхий зөвлөхөөр Шведийн Готенбург их сургуулийн профессор К. Гиллберг ажиллав. Түүний боловсруулсан асуумжийн аргачлалыг Монгол хувилбарт нутагшуулан Монгол улс дахь бага ангийн сурагчдын зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлийн тархалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад туршигдсан, нотолгоонд суурилсан аргачлалыг ашиглан судлан тогтоох зорилт тавьжээ.
Судалгааг 2 үе шаттай зохион байгуулна.
1-р үе шатанд бага сургуулийн 2-4 ангид (7-9 нас) суралцдаг хүүхдийн эцэг, эх болон анги удирдсан багшаас асуумж судалгаа. 2р үе шатны эмнэл зүйн судалгаагаар ярилцлагын, анкетын болон “МонТБ” оюун ухааны сорил авах бөгөөд судалгаанд оролцогчийг Улаанбаатар хот, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь аймгуудаас шаталсан түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулж агшингийн аргаар цахим технологи ба боломжит хувилбарыг ашиглан авна. Судалгааг хийх түшиц байгууллагын, эцэг эх асран хамгаалагчдаас зөвшөөрлийг урьдчилан авна.
Энэхүү судалгааг хийснээр зан төрх, танин мэдэхүйн бэрхшээлийн Монгол улс дахь тархалтын хувийг гаргах, боловсролын болоод эрүүл мэндийн тусгайлсан дэмжлэг үзүүлэх арга замыг тодруулах, судалгааны үр дүн, мэдээлэл нь Монгол улсын боловсрол, эрүүл мэнд, халамжийн төрийн бодлого боловсруулах болон холбогдох яам, тамгын газруудад зайлшгүй хэрэгтэй суурь судалгаа болох юм.
НИС дээр ажилласан судлаачдын баг:
МУБИС, НИС хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Д.Одгэрэл (Ph.D)
АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч З. Хишигсүрэн (Ph.D),
багш Д. Оюунсүрэн (Ph.D), Б.Баасандорж (Магистрант)
Нагояа Их Сургууллийн “Сэтгэл зүйн боловсрол, судалгааны төв” -ийн судлаач Номура К. (Ph.D), Канеко Х. (Ph.D), Ёкояама К. (Ph.D)