Нагоя их сургуультай хамтын ажиллагааны 3 гэрээнд гарын үсэг зурав

МУБИС-ийн хамтын ажиллагаатай Япон улсын Нагоя их сургуулийн профессор багш нар МУБИС-д 10-р сарын 15-ны өдөр албан айлчлал хийж, хамтын ажиллагааны ажлын үр дүнгээ хэлэлцэн дүгнэж, улмаар гэрээгээ сунгах, манай улсад шинээр нутагшуулан шинээр боловсруулан бий болгоод байгаа Монгол хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг тодорхойлох "Танака-Бине оюуны ухааны сорил-5" (сорилын хэрэглэгдэхүүн, сорилын аргачлал, тэмдэглэлийн маягт) оюуны бүтээлийг ашиглах, зөвшөөрөл олгох тухай гэрээнүүдэд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Зочдын бүрэлдэхүүнд Нагоя их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн захирал Такаи Жиро, Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх төвийн дарга Нагата Масако, Нагоя ИС-ийн зөвлөх профессор Т.Отани нар хүрэлцэн иржээ. МУБИС-иас захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Д.Наранцэцэг, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал профессор Ц.Бурмаа, Боловсрол судлалын сургуулийн захирал дэд профессор Г.Цогзолмаа, МУБИС-Нагоя их сургуулийн Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн эрхлэгч дэд проф. Д.Одгэрэл, БоСС-ийн БССТ-ийн эрхлэгч академич Б.Жадамбаа, ССТ-ийн эрхлэгч проф. Б.Туяа, БСАЗТ-ийн эрхлэгч доктор Б.Баярмаа нар болон Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар зочин профессоруудтай өнгөрсөн 2013 оноос хойших хугацаанд 2 талуудын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа бусад чиглэлээр хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Гэрээнд талуудыг төлөөлж Нагоя их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн захирал Такаи Жиро, МУБИС-иас захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Д.Наранцэцэг нар гарын үсэг зурав. Энэ үеэр 2019 онд Нагоя ИС-ийн 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нагоя их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн захирал Такаи Жирод МУБИС-ийн хамт олны мэндчилгээ, дурсгалын зүйлийг гардуулан өгч, баярын мэнд хүргэн, амжилт хүслээ.

 

Т.Дуламрагчаа