МУБИС-ийн багш Д.Хүү “МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол тэмдгээр шагнууллаа

МҮЭ болон МЗЭ-ийн шагналт, МУСТА, зохиолч судлаач, МУБИС-ийн Багшийн сургуулийн ахлах багш, профессор Данзанноровын Хүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас бодитоор үнэлэн “Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн” цол хүртээлээ. Өнөөдөр МУБИС-ийн Захиргаанаас МУСГЗ Д.Хүүг хүлээн авч, МУБИС-ийн удирдлагууд баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр 1973 онд УБДС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 1993 оноос эхлэн МУБИС-ийн Багшийн сургуульд ажиллаж эхэлсэн түүхтэй.

МУСГЗ Д.Хүү боловсролын байгууллагад 50 гаруй жил ажилласнаас МУБИС-ийн Багшийн сургуульд тасралтгүй 30 жил ажиллаж байна. Тэрээр багшлахын зэрэгцээ орчуулгын бүтээл, өгүүлэл, судлал, шүүмж, сурах бичиг, заах аргын бүтээл, хүүхдийн болон насанд хүрэгчдэд зориулсан уран зохиолын 300 гаруй номыг хоёр зуун өртөөлөн туурвисан авьяаслаг нэгэн.

Мөн ЕБС-ийн уран зохиолын боловсролын хөтөлбөрт зохиолыг сонгон оруулах, сурах бичгийг тогтворжуулах, суурь боловсролын агуулгыг шинэчлэх төсөлт ажилд идэвхтэй оролцдог энэ чиглэлийн голлох мэргэжилтэн, заах арга зүйч төдийгүй хүүхдийн номтой ажиллах тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг /158-тоот/-ийг хэрэгжүүлэх тухай тамгын газрын бодлого, зохион байгуулалтын ажлыг өөрийн сургалтад тусган, үйл хэрэг болгож яваа уран бүтээлч, багш билээ.