МУБИС-ийн сургалтын хөтөлбөрүүд цогцоороо шинэчлэгдэн ном болон хэвлэгдэж тэнхмүүдэд хүргэгдлээ

МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын албанаас  2016 оны 9-р сарын 30-ны Баасан гарагт  тэнхим, төвийн эрхлэгч, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга нарын ээлжит хурлыг зохион байгуулав. Хурлыг нээж МУБИС-ийн захирал доктор, профессор Д. Мөнхжаргал үг хэлсэн бөгөөд МУБИС-ийн 65 жилийн ойн баяр, Монголын багш нарын баярын мэндийг мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд нийт оролцогчдод талархлаа дэвшүүлэн тус сургууль төрийн дээд одонгоор  шагнуулахад нийт эрдэмтэн багш нарын үүрэг их байсныг онцлон тэмдэглэв.

Тус хурал дээр Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир “Бакалаврын боловсролын хөтөлбөр”-үүд, “Бакалавр, магистр, докторын сургалтын үндсэн төлөвлөгөө”-ний ном, 2016-2017 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны хуанли, ЕБС-ийн цөм хөтөлбөр зэргийг тэнхим, төвийн эрхлэгч, дарга нарт хүлээлгэн өглөө. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд тус сургуулийн нийт багш нарын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон анх удаа цогцоороо ном болон хэвлэгдэн гарч буй бакалаврын зэргийн 30 хөтөлбөр нь БСШУСЯ-наас баримталж буй бодлого, МУБИС-ийн эрхэм зорилго, ЕБС-ийн цөм хөтөлбөртэй нийцэж буйг тэмдэглэв. Цаашид эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ялангуяа хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг суралцагчдад эзэмшүүлэх арга технологийг боловсруулах, хөгжүүлэх, тасралтгүй сайжруулахад анхаарч ажиллах нь сургууль, багш нарын цаашдын ажлын зорилго болж байгааг мөн онцлов. 

Мөн тус хурлаар МУБИС-ын 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтууд, хөтөлбөр болон багш мэргэжлийн дадлагын хэрэгжилтийг зохицуулах удирдамж, тушаал, шийдвэр, тус хичээлийн жилийн гол үйл ажиллагаа, арга хэмжээ зэргийг танилцуулан санал солилцов.

МУБИС сүүлийн 3 жилийн хугацаанд сургуулийн бүхий л үйл ажиллагаа, сургалтын орчин, эрх зүй болон бүх түвшинд өргөн хүрээтэй өөрчлөлт, шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд үүний нэг том үйл ажиллагаа нь дээрх хөтөлбөрүүдийн иж бүрэн шинэчлэлт байв. Ингээд багш боловсролын чанарын шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, шинэ зууны багшийн чадамжийг дээшлүүлэх зорилгын төлөө хийж бүтээсэн нөр их ажилд нь МУБИС-ийн нийт хамт олны өмнөөс талархал дэвшүүлж та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.    

 

Т.Дуламрагчаа