“ХӨДӨӨГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ” төслийн цахим уулзалт болов

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАИКА, МУБИС, Токиогийн Технологийн Сургууль хамтран хэрэгжүүлж буй “ХӨДӨӨГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ” төслийн Удирдах Хорооны хурал дэлхий нийтээр нүүрлээд байгаа цар тахлаас шалтгаалан 2020 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан бөгөөд Төслийн Удирдах Хороо, Токиогийн Технологийн Сургуулийн багтай тохиролцсоны үндсэн дээр өнөөдөр цахимаар амжилттай зохион байгуулагдав. Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд дэлхийн улс, орнуудын боловсролын салбарт урьд өмнө тохиолдож байгаагүй эрсдэл хүндрэл учирч халдвар хамгааллын хүрээнд сургуулийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсноор сургуулийн багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн тус төслийн хэрэгжилт тодорхой хэмжээнд хоцорч байгааг дурдан үүссэн шинэ нөхцөл байдлын хүрээнд МУБИС-ийн мэргэжлийн багууд төслийн үйл ажиллагааг аливаа хоцрогдолгүй хэрэгжүүлэх тал дээр анхааран орон нутгийн багуудтай хамтран сургалтын 30 цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад мэргэжлийн зөвлөгөөгөөр ханган ажиллаж ирснээ тайлагнав. Хуралд Токиогийн Технологийн Сургуулиас Төслийн удирдагч Prof. Shinobu Yamaguchi, Төслийн ажилтан Ms. Ishino Sayako, МУБИС-иас Төслийн Удирдах Хорооны Дарга доктор Д.Мандах /МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч/, Төсөл хэрэгжүүлэх багийн ахлагч профессор Н. Жадамба, Төслийн Удирдах Хорооны гишүүн проф. Р.Бат-Эрдэнэ, проф. Ж.Сүхбаатар, проф. Д.Цэдэвсүрэн, А.Цолмон, Төслийн Үндэсний Зохицуулагч Л. Оргилмаа нар оролцов.

Т.Дуламрагчаа