“ЦАХИМ БАГШ” модуль сургалтад оролцогчдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

МУБИС-иас “Боловсрол дахь цахим шилжилт”-ийг дэмжих олон бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 8 сарын турш “цахим сургалт төлөвлөх, цахим хичээл боловсруулах,  зохион байгуулах, зөвлөн туслах онол, арга зүйн мэдлэг, ур чадвартай” ментор (сургагч) багш бэлтгэх зорилгоор “ЦАХИМ БАГШ” модуль сургалтыг хэрэгжүүлсэн бөгөөд сургалтын үр дүнг хэлэлцсэн “Цахим сургалтын арга зүй, тулгамдсан асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хосолсон (танхим + онлайн) хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү модуль сургалтыг дээрх хугацаанд танхим, онлайн (хосолсон) хэлбэрээр зохион байгуулсан төдийгүй энэхүү сургалтад МУБИС-ийн бүрэлдэхүүний 8 сургуулийн бүх тэнхимээс багш нар хамрагдаж буйгаараа онцлогтой. Сургалтад оролцогч багш нар “Цахим багш” модуль сургалтын төлөвлөгөөний дагуу ажиллаж, агуулгын дидактик боловсруулалт бүхий мультимедиа болон интерактив хэрэглэгдэхүүн боловсруулж, СУМС-д байршуулаад байгаа юм.

Тус хурлыг нээж МУБИС-ийн захирал О.Алтангоо үг хэлж, чиглүүлэгчээр Зайн сургалтын албаны дарга Л.Мөнхтуяа ажиллалаа.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 24 багшийн 11 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд 70 хувь нь хамтын илтгэл байлаа. Агуулгын хувьд ангилж үзвэл:

1. Цахим сургалтын арга зүйн чиглэлээр-1;

2. Мэдээллийн аюулгүй байдал, зохиогчийн эрхийн чиглэлээр-2;

3. Ялгаатай байдлыг харгалзан цахим сургалт зохион байгуулах арга зүйн чиглэлээр-1;

4. Сургалтын программ хангамж, туршилт үр дүнгийн чиглэлээр-1;

5. Цахим сургалтын орчин, бэлэн байдал, тулгамдсан асуудлын талаар хийсэн судалгаа түүний үр дүнг тусгасан-3;

6. Тодорхой судлагдахуунд Мэдээллийн Технологи ашиглах арга зүй болон түүнээс гарсан үр дүнгийн талаар 3 илтгэл хэлэлцэгджээ.

Түүнчлэн цахим сургалтын хэрэгжилтэд нөлөөлдөг гол хүчин зүйлийг сургууль, өөрийн зааж буй хичээл болон сургалт зохион байгуулах орчин, нөхцөлийн хүрээнд судалж, ололттой зүйлээ хөгжүүлэх, алдаа дутагдалтай зүйлсээ цааш сайжруулах, хурдацтай хөгжиж буй дэвшилтэт технологийг турших, гадаадын сайн туршлагыг хамтран судлах талаар тодорхой санал шийдлийг энэ хуралд танилцууллаа.

Ийнхүү өнөөдрийн хурал оролцсон хүн бүрт тодорхой санаа авахуйц, багш нарт хамтран ажиллах сэдэл өгсөн, туршлагаа харилцан хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх боломжийг нээсэн, нөгөө талаас ЦАХИМ БАГШ (МЕНТОР) нар сурсан зүйлээ тайлагнасан, цахим сургалтын арга зүйн судалгааны бүтээлээ танилцуулсан  үр дүнтэй, бүтээлч, хамтын уулзалт боллоо.

Эцэст нь, аливаа сургалтыг “практикт турших, бие даан гүйцэтгэх” боломжтой байдлаар урт хугацаанд зохион байгуулах нь суралцагч багш нар зорилгодоо хүрэхэд тохиромжтой байсныг сургалын үр дүн, багш нарын чадвар, сэтгэл ханамж харууллаа.