Эрхүүгийн Техникийн судалгааны их сургуультай хамтран ажиллана

ОХУ-ын Эрхүүгийн Техникийн судалгааны их сургуулийн захирал Михаил Викторович Корняков тэргүүтэй зочид 2019 оны 10-р сарын 14-ны өдөр МУБИС-д ажлын айлчлал хийж, хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Зочдыг захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа, МБУС-ийн захирал О.Алтангоо болон Гадаад харилцааны албаныхан хүлээн авч уулзан Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence), Машин сургалт (Machine Learning), Алгоритмын шинжилгээ зохиомж, заах арга зүй (Algorithm Analyses & Design, its methodology), ЕБС-ийн багш нарын цахим сургалтын платформ ашиглах судалгааны ажил, цахим агуулга, видео лекц боловсруулах, цахим сургалтад оролцох болон зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтын судалгаа хийх тухай санал тавьж, харилцан ярилцлаа.
Эрхүүгийн техникийн судалгааны их сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дэд захирал Дмитрий Савкин, Мэдээллийн технологи-дүн шинжилгээний сургуулийн захирал Дмитрий Яковлевич Постельник, Хэвлэлийн албаны дарга Надежда Васильевна Курганская нар багтжээ. Ийнхүү МУБИС болон Эрхүүгийн Техникийн судалгааны их сургууль хамтран дээрх чиглэлийн хүрээнд судалгааны ажил хийх, багш нар болон оюутнуудаа солилцох, зочин профессор урих, улмаар Мэдээлэл технологийн чиглэлээр Магистрын 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зуралцав. Хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Т.Дуламрагчаа