Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх ERASMUS+ ХӨТӨЛБӨР МУБИС-д хэрэгжинэ

ERASMUS+ ХӨТӨЛБӨР нь боловсрол, сургалт, залуу үе, спортын чиглэлийг хамарсан Европын холбооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн улс орнуудын дээд боловсролын салбар дахь багш боловсролын байгууллагууд хувь хүн болох оюутан, Европын байгууллага, хувь хүмүүстэй хамтран төсөл боловсруулж тэдний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. ЭРАСМУС байгууллагын дэмжлэгтэйгээр МУБИС-ийн багш, Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн эрхлэгч доктор Д.Одгэрэл, Бельгийн Виржэ Их Сургуулийн доктор, профессор Г.Лаувэрс, М.В Ломоносовын нэрэмжит Хойд Арктикийн Их сургуулийн багш доктор Елена Шинкарёва нарын санаачилгаар МУБИС, Ховд ИС, Дорнод ИС-д “Тэгш хамруулах багшийн боловсрол” төсөл хэрэгжихээр болжээ. Төсөл нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Тэгш хамруулах боловсрол”-ын үзэл баримтлал, онол, практикийн агуулгаар баяжуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн төслийн хүрээнд тусгай хэрэгцээтэй суралцагчдад зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх төв байгуулагдахаас гадна магистрын болоод мэргэжил дээшлүүлэх түвшний онлайн хичээлийн контент бэлтгэгдэж, олон нийтэд нээлттэй байрших юм. Энэ удаагийн Erasmus+ төсөлд дэлхийн 100 гаруй орны их, дээд сургуулиас төслөө боловсруулан илгээсэн байна. Монголын талаас дээрх төсөл шалгаран хэрэгжих болсон нь багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тэгш хамруулах боловсролын чиглэлийн хөтөлбөр хэрэгжиж дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтын чанартай боловсролыг суралцагчдад эзэмшүүлэхэд нэн шаардлагатай дэмжлэг хэмээн үзэж байна. http://edulaweu.eu/.../edulaw-ii-melinc-funding-2021-2024-2/
 
 
Т.Дуламрагчаа